Ирц, явц, сорил, шалгалтаар нэг бүтэн улирлын чанар тодорхойлогдоно. Тэгэхээр энэ бүхний хамгийн гол зүйл нь цаг барих. Цагаа барьж лекцэндээ бүтэн суух, цагт нь семинараа шалгуулж багш, найзуудынхаа өмнө нүүр хагарах, цаг хугацаанд нь бие даалтаа хийж багш нартаа хөдөлмөрөө үнэлүүлэх гээд ерөөсөө “Цаг” болчихдог. Утасныхаа цагийг үргэлж харж хэвшсэн шигээ хичээлтэй холбоотой бүх зүйл дээр ягштал бариад сурчихвал насан туршийн эрдэм болно. Цагаа барьж сурсан хүн хичнээн лаг харагддаг билээ дээ тэ. Яг энэ үеэс л ирээдүйд чи бусдын цагийг барьдаг нэгэн болох уу, бусад нь чиний хэлсэн цагт ирдэг болох уу? гэдэг нь тодорхойлогдоно. “Please be on time”
Их сургуульд ангийн найзтайгаа нийлж хичээлээ хийх, ижилхэн даалгавар хийж байгаа хамтрагчаа олж, бүр цаашлаад багштайгаа ярилцах гээд “Нүүр хагарах” маш чухал. Хүнтэй харилцаж сурна гэдэг та нарт маань байгаа хамгийн том нэрийн хуудас юм шүү. Үеийн олон нөхөдтэйгээ, үлгэр дуурайлал болсон эрдэмтэн багш нартайгаа мэнд устай чин сэтгэлээсээ харилцан бие биедээ тусалж сураад хамгийн дурсамжтай үеэ өөрийгөө олж нээхэд илүү анхаараарай. Чиний чаддагийг чаддаггүй найздаа чин сэтгэлээсээ туслаад, өөртөө ч бас мэдлэг мэдээлэл олж авдаг хамгийн гоё хандлагатай нь байгаарай. “Attitude is Everything”
Бүхнийг зааж өгдөг багш нараас илүү бүгдийг яаж хийх арга замд чиглүүлдэг багш нар хамгийн күүл байдгийг ажил дээр гараад ойлгодог юм билээ. Бидний ээж, аав ч тийм шүү дээ. Бүх ажлыг урдуур нь орж хийх биш яаж хийхийг нь заагаад өгөх нь хэн хэн дээ ашигтай байдаг. Яг тэрэн шиг багшаасаа бүх заавар, зөвлөгөөгөө аваад өөрөө судалвал чамд хожмоо хэрэг болно. Оюутан байхдаа “судлаач” оюутан болчихвол насан туршдаа бие дааж эрдэм мэдлэг өвөртлөх их далайд аялаад сурчихна шүү дээ. “Do Your Own Research”
Хичээлээ маш сайн хийх нь та нарын маань гол үүрэг хариуцлага хэдий ч бидний хамгийн эрч хүчтэй бөгөөд хамгийн сатаарах зүйл багатай, зорилготой нас учраас дан ганц хичээлээс илүү өөрийгөө хөгжүүлдэг тогтмол тууштай хийдэг зүйлтэй байгаасай гэж хүсэж байна. Кино үзвэл хэлийг нь сурчихдаг, ном уншвал өөртөө санаа болгоод ашиглачихдаг, спортоор хичээллэвэл бие бялдраа гоё болгочихдог гээд суусан газраасаа шороо атгаад байвал нэг л мэдэхэд өндөр уулын орой дээр гарахаар тийм зөв дадалтай болно шүү дээ. “Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг юм” (Нельсон Мандела)
Оюутан гэхээр л том болчихсон юм шиг хэн хүнгүй санаад байдаг. Угтаа та хэд маань нөгөө л аав, ээждээ эрх нялх энхрий хүүхэд нь хэвээрээ шүү дээ. Гэхдээ энэ 3, 4 жилдээ хэрэгжүүлээд сурчихвал их хэрэгтэй нэг эрдэм бий. Яагаад гэвэл энэ үеэс л санхүүгээ зохицуулах хэрэгтэй тийм лаг бие дааж болох боломж ирж байгаа юм. Тэтгэлэгт хамрагдахыг хичээгээд, хичээлээ таслахгүйгээр болвол мэргэжлийнхээ дагуу дадлага, ажил хийвэл бүр ихийг сурч авдаг шүү. Аан бас тийм, саравчтай малгайгаа өмсөөд үүргэвчээ үүрчихсэн энгийн даруухан оюутан нас өөрөө хамгийн ганган чамин нь байдаг даа.
"Олсноороо биш хэмнэснээрээ"