Мөнхтөгс
Мөнхтөгс
2022/09/05 13:40
95

ЭЕШ өгөх жилийн сэтгэл зүйгээ бэлдэхэд туслах энгийн 5 арга

  1. Зарим үед өөртөө ч “Үгүй” гэж хэлж сур

Үнэхээр хүсэхгүй, хэрэггүй бол “Үгүй” гэдэг үгийг зоригтой хэлж сураарай. Өөртөө ч бас төвөг удаж, түгшээхээр зүйлд хэлж сурсан нь одоо ч тэр, ирээдүйд ч тэр чадахгүй зүйлээсээ өөрийгөө чөлөөлж, чадах зүйлдээ хүч зориулах нь чамд бас тэр хүмүүст ч тэр давхар тус болж байгаа хэрэг гээд кодолчихвол илүү хөнгөн байх болно.

  1. Шаардлагатай үед өөрийгөө түр чөлөөлж бай

Хүн бүрд хувийн орон зай заавал байх ёстой. Тэгэж гэмээн бидний сэтгэл зүй эрүүл, тайван байх үндэс болдог. Өдөрт дор хаяж 30 хормыг өөртөө зарцуулах нь биологийн хууль гээд л бодчих. Заримдаа өөр рүүгээ өнгийж, өөртэйгээ ярилцаж байгаарай. Хүнд хэлж чадахгүй үгсээ цаасан дээр ч болов буулгаад цаг нь болохоор устгаж байгаарай гэж хүсье.

  1. Тааламжгүй харилцааг саармагжуул

Харилцахад төвөгтэй, ойлголцдоггүй хүмүүс бидний сэтгэл зүйд маш их дарамт үүсгэдэг. Бид албан шаардлагаар л биш бол өдөр тутмын харилцаандаа тааламжтай хүмүүсээр хүрээлүүлж байж нийгмийн амьтан болж төлөвшинө. Мэдээж хүн бүр таагүй байлаа гээд болохгүй, бүтэхгүй зүйл биш гэдгийг бас өөр талаас нь хараад үзвэл илүү үр дүнтэй. Бидэнд ухаарал, урагш хөдлөх хүч болох үг, үйлдэл, үлгэр дуурайлал хэзээд хэрэгтэй шүү. Асуудал бүхэн түр зуурынх учраас заримдаа тэвчээртэй, заримдаа бага зэрэг мэргэн ухаантай, хөнгөн байвал илүү хайпи байх болно.

  1. Гомдлоо бүү нуу

АНУ-ын Эмори Их сургуулийн судлаачид сэтгэл санааны байнгын дарамт нь цусны даралтыг ихэсгэж зүрх судасны өвчин үүсгэдгийг олж тогтоосон байна. Гомдлоо хэр удаан тээж  явна төдий чинээ бухимдаж, сэтгэлийн дарамтад орно. Хэрвээ та нар маань сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий бол хүнд гомдохоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид маш олуулаа эн зэргэцэж амьдарч байгаа учраас хүн бүрд асуудал, бэрхшээл байгаа гэдгийг санаад арай илүү ухамсартай нь байж уян хатан хандаарай.

  1. Аливаад өөдрөг хандаж, бусдаас дэмжлэг ав

Эхнэрээ дагуулаад, илжгээ хөтөлж яваагаар эхэлдэг нэгэн эрийн тухай үлгэрийн талаар сонссон байх. Яг түүн шиг хүмүүс чамайг хэзээд шүүмжилсээр л байх болно. Тиймээс худлаа хэлж, хулгай хийгээгүй л бол бусдын санал шүүмжээс юуг авах, гээхээ чи өөрөө шийдэх эрхтэй гэсэн үг. Чиний замд сайн бас муу чанарын маш олон багш, хамтрагч учирна. Тэр бүхнээс нөхөрлөл, туршлага, алсын хараагаа олж авч сурахыг сураарай.

Ингээд өөрийнхөө сэтгэл зүйг өөрийн хэмжээнд танин мэдэж, тайвшруулж сурах бусдын нүдэнд ахлах ангийн томоо сурагч болчихсон та нартаа бие сэтгэлээ хамтад нь эрүүл байлгаарай гэж хүсье.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан удахгүй оюутны ширээнд суралцах гэж байгаа Yesh апп-аа шимтэн ашигладаг ахлах ангийн дүү нартаа энэ хичээлийн жилд зориулан ашигтай, хэрэгтэй, аав ээжийнх нь тэр бүр хэлж чаддаггүй ч дотроо хүсэж, хэлмээр байдаг бүхнийг нь бага ч болов хүргэхийг хичээх болно. Та нар маань аав, ээжийнхээ санааг зовоодоггүй, өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө зорилготой зүтгэж чаддаг тийм зоригтой зөв үр нь байгаарай.