Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн. Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.